Сүрьеэ (англ. Tuberculosis) нь Mycobacterium tuberculosis нянгаар үүсгэгддэг, янз бүрийн эрхтэн, ялангуяа уушиганд үрэвслийн голомт үүсгэдэг амьсгалын замаар тархдаг нийгмийн халдварт өвчин юм. 1882 оны 3-р сарын 24-нд Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгчийг анх нээжээ. Кохын савханцар буюу сүрьеэгийн нян нь гадаад орчинд маш их тэсвэртэй /тоосонд 100 хоног, хөрсөнд 6 сар, усанд 150 хоног гэх мэт/ , удаан хугацаанд хуваагдан үрждэг /20-24 цагт нэг удаа/онцлогтой. Сүрьеэгийн нян нь царцамхай өөх тос ихээр агуулдаг тул физик-химийн хүчин зүйлс, хүчил, шүлтэнд тэсвэртэй байдаг. Харин буцалгахад 10 минут, чийгтэй нөхцөлд 75С хэмд 30 минут, нарны шууд гэрэл болон хэт ягаан туяанд 1 цагийн дотор устана.
Сүрьеэ өвчин нь нэгээс нөгөөд амьсгалын замаар халдварладаг. Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтэй хүнийг ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний сүрьеэгийн нян тархаж байдаг. Өвчтөнтэй ойр байсан хүмүүс уг нян агуулсан агаараар амьсгалсанаар халдвар авдаг. Шинэ эзний биед нянгийн үржих тохиромжтой хэсэг нь уушиг юм. Уушигнаас нян цусаар дамжин бусад эрхтэн системд очдог. Уушигны хэлбэрийн сүрьеэ нь халдвартай ба бусад эрхтэний сүрьеэ нь халдваргүй. Уушигны хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй ойр байгаа хүмүүс халдвар авах боломж их байдаг. /Үүнд гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамт ажиллагсад гэх мэт/ Сүрьеэгийн нянгийн халдвар авсан хүн болгон сүрьеэгээр өвчлөхгүй. Энэ нь хүний дархлалын систем буюу биеийн эсэргүүцэлтэй ихээхэн холбоотой. Хүмүүсийн дархлал нь өвчин үүсгэгч нянгийн идэвхжлийг зогсоон удаан хугацаагаар хяналтандаа барьж байдаг. Гэвч ямар нэг хүчин зүйлийн нөлөөгөөр дархлалын систем нь суларвал "зүүрмэглэж байсан" сүрьеэгийн нян идэвхтэй үржиж өвчнийг үүсгэнэ.
Сүрьеэ өвчин үүсэхэд:
- Нийгэм болон орчны эрүүл ахуйн таагүй байдал
- Хоол тэжээлийн дутагдалСтресс
- Жирэмслэлт
- Дагалдах өвчнүүдтэй байх (Чихрийн шижин, ходоод гэдэсний шархлаа өвчин, уушигны өвчин, хавдар) зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг.